Бичлэг
Бичсэн Gunbold » Ба 4-р сарын 20, 2018 10:57 am
Түрүүлэгчид биш Тэргүүлэгчид л байгаасай...
Дэлхий дээр олон сая Монголчууд байдаг гэсэн судалгаа тоо байдаг. Гэвч тусгаар тогтносон төртэй өөрийн гэсэн хил, хэл, өв соёлтой нь ганцхан Монгол улс. Энэ төрт улс оршин тогтнож байсан цагт үндэсний гэх үзэл, өв соёл, уламжлал, биет болон биет бус өв соёл хадгалагдсаар л өөрчлөгдөн шинэчлэгдэж, бүдгэрч мартагдсан ч хэв шинжээ хадгалсаар л байх болно. Тиймээс Монгол төр оршин байхад эрийн 3-н наадам гэх бидний уламжлалт өв соёл ард түмнийг нь цэнгүүлэн төр төвшин байх үндэс болж үеийн үеийн хамтдаа байна.
Сүүлийн хэдэн жил бид наадаж ч чадах аа байж, Монголоо байж гэх үгс их л сонсдог болсон. Бөх, морь үзэхэд хэцүү болсон хэмээн ганцхан залуучууд дургүй биш настнууд нь хүртэл дургүйцдэг болсон байна. Буруу нь тэд Монголоо алдсандаа бус, басхүү бөх нь, уяачид нь жудаггүй Монголоо алдсан даа ч биш... Цөөхөн Монголчууд бид эвлэлдэн нэгдэж чадахгүй бүгд өөрийн гэсэн нэр төр, ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьдаг болсон. Бид биш би гэх үзэл давамгайлан өөрийн эрх бусдын эрхээр хязгаарлагддаг зарчмыг мартсан, зөвхөн өнөөдөрт сэтгэл хангалуун зүтгэх болж. Гаднын соёл хөгжил дагаж шуурч байгаа хэмээн залуусаа буруутган хандлага бүүр ч их. Харин учир нь яагаад үзэгчид ард түмэн тэнд татагдаж байгаа гэдэгт дүгнэлт хийдэггүй. Хариулт нь маш хялбар тэнд эрүүл тогтолцоо, шударга байдал байдаг. Их спорт өөрөө энэ цаг үед бүхнийг төлөөлөх чадвар чансаатай болсон.
Үндэсний өв соёл, их спорт хоёрыг ялгах чадвар, мэдлэг бидэнд хэрэгтэй байна. Халхын буян заяа их гэдэг нэг сайхан үг бий. Тиймээс бидэнд сайхан бөх, сайн хүлэг төрсөөр өссөөр л байна. Харин бидэнд шийдэл, шинжлэх ухаанч хандлага, хууль дүрэм сахигч чанар, ёс суртахуун л дутмаг байна. Бид өөрсдийгөө үндэстнийхээ онцлогийг олж ойлгох хэрэгтэй. Бид өөрсдийгөө илүү танин мэдэх шаардлагатай байна. Өөрсдийгөө мэддэг гэж боддог нь бидний бас нэг том алдаа. Тиймээс өөрсдийгөө илүү судалж, өөрсдийгөө илүү мэдлэгжүүлж чадвал гарц шийдэл олдож мухардалд сууцгааж өөр өөрийнхөөрөө дайрахгүй байх. Төрийн бус байгууллага, холбоо удирдах чиглүүлэх, мэргэжлийн арга барилаар хангах гэдэг чиг үүрэгтэй. Энэ бүх асуудалд тэд л гарц олж гаргах ёстой. Манай Монголд 1990 оноос хойш мартагдсан зүйл бол шинжлэх ухаанч байдал. Мөн хуулийг өөрийнхөөрөө тайлбарлах биш дагаж мөрдөх чадвар хатуужил тэсвэр.
Та бидний дагаж дуурайж үлгэрлэл авдаг эрх чөлөөний орон АНУ, хөрш Канад эдгээр улсад бага насны хүүхдүүд гудамжинд хоккей тоглож их л гэмтэж бэртдэг байж. Бүүр амиа алддаг. Түнх чихүүлэх, хөлөө, гараа хугалах, нүдээ сохлох гэх мэтчилэн. Харин эх баригчид гэхээсээ илүү холбооныхон нь хүүхдүүдийг тоглох эрхийг нь хаасангүй, хориглосонгүй, улирал заасангүй зөвхөн мөсөн талбай дээр ч тогло гэсэнгүй. Хамгийн гол нь эцэг эх асран хамгаалагч нарт заавал хамгаалалтай тоглуулахыг шаардсан, өөрсдөө ч тийм хамгаалалтыг хэрэгслүүдийг маш яаралтай шинжлэх ухааны үндэстэй гарган танилцуулж бий болгон худалдаанд оруулсан байна. Энэ асуудал нь ганц хүүхэд дээр ч биш мэргэжлийн тамирчдын дунд ч болсон зүйл. Харин хааж, боож хатуу хуулиар дайрсангүй. Тиймээс хууль, дүрэм зөрчигчид ч гарсангүй. Мөн эрдэмтэд, тамирчид нь хамтдаа асуудлын шийдлийг гаргаж хамгаалалтын цогц түвшинд гаргаж түүнд нь уялдуулан Холбоо нь дүрэм журам гаргасан байна. Энд хэн хэдэн удаа түрүүлэх нь гол биш хамтдаа энэ спортыг хөгжүүлэн эндээс илүү их мөнгө олж үндэсний спортоо төгөлдөржүүлэх сэтгэл, сэтгэлгээ байсан юм.
Монгол адуу гэдэг нэршил байх хэрэгтэй юу? Дэлхийг тахир сэлэм, жижигхэн адууныхаа туурайгаар тамгалсан л гэдэг. Энэ зөвхөн номонд л үлдэх ёстой юу. Одоо тэгээд эрлийз адуугаар уралдана гэнэ? Энэ нэршил хамгийн утга үгүй санагддаг. Англи, Араб гээд сайхан явж байснаа эрлийз гэж орж ирнэ. Тэгээд тэр эрлийз нь Монгол адууг Монгол наадмаас нь хөөнө. Өөрөө мэргэжлийн уралдаанд оролцох чадамжгүй адуу л даа. Англи, Арабаа дийлэхгүй болохоор л Монголыг дээрэлхдэг өнөөх л зарчим. Тэгэхээр бид цус, нутаг ус, жалга довоороо талцаж дээд заяатай гэцгээж эрлийз хурлийзад яснаасаа дургүй байснаа хэзээнээс эрлийз адууг шүтэн Монгол адууг мартах болов. Тодорхой хэсэг хүмүүс үүнийг уншаад хоцрогдсон гэх л байх. Гэвч үгүй та өөрөө үндэсний өв соёлд эрлийз адуу уралдуулж буй нь хоцрогдол шүү. Харин үүлдэр үржүүлгийн ажил хийж арай өөрөөр асуудалд хандаж мэргэжлийн уралдаан бодсон бол цаг үе, ирээдүйд хөл нийлүүлэх байх. Удахгүй тэр цаг ч ирэх байх. Бэлтгэл суурь ч хангалттай бий болсон гэж бодно. Их спорт өөрөө шударга өрсөлдөөн шаарддаг зүйл. Тиймээс цаг хугацаа, орон зай, жин, дүрэм зааж өгч түүнд нийцүүлэн нэг гараанаас шударга өрсөлддөг тэр үүгээрээ ч шаардлагаа хангаж их спортод бүртгүүлж, олимп, дэлхийн аваргын төрөлд багтдаг. Үндэсний өв соёл нь тухайн орон нутгийн онцлог, зан заншил, соёлыг багтаан орчин нөхцөл бүрэлдүүлэн бүрэлдсэн байдаг. Тиймээс ч Монгол бөх жин, орон зай, цаг хугацаа хязгааргүй бөгөөд Монголын гэх хурдан хүлгүүд уяа сойлгоо тааруулан уралдуулдаг болно. Тэгэхээр эндээс би мэргэжлийн морин уралдааны холбоо нь ажлаа маш муу хийж байна гэж хардаг. Мэргэжлийн талдаа илүү уралдаан тэмцээнээ хийвэл Монгол наадам, Монголд адууг дээрэлхэхгүй юм болвуу.
Түрүүлэх гэж биш тэргүүлэх гэж уяачид минь зүтгэвэл, Холбооны тэргүүлэгчид нь ч түрүүлэгчид биш болох байх. Бид өөрсдийгөө л таньж мэдэх энэ дээр дахин гарч ирнэ. Ёс суртахуун, жудаг олж авах, гаргах цаг нь болж. Өөрсдийн бодлоо, сонирхол, хүсэл тэмүүллээ дарвал, хэдхэн шийдэх асуудалд нэгдээд сайн үр дүн гарч бид наадмаараа үндэстнээрээ цэнгэн баярлацгаана. Мөнгө, сэтгэл дутагдаж байна гэж би лав бодохгүй байгаа. Зөв менежмент, бодлого, шийдэл, шинжлэх ухаанч хандлага хэрэгтэй. Мэргэжлийн морин тойруулга тусдаа гарах цаг нь болсон адуу нь ч бэлэн байна. Харин үндэсний наадмаа бид аюул эндэлгүй, зөвхөн зохион байгуулалтай л хийж, өөрийн нэр алдраараа асуудлыг шийдэх хандлагаасаа татгалздаг л болох хэрэгтэй. Зам, хурдан морь унаач хүүхэд, түүний хамгаалах хэрэгсэл, дагах машин гэх тоотой хэдэн гол шийдвэр түүний дагалдах хэдэн журмыг шинжлэх ухаанчаар хандаж хуулийн дагуу стандарт тогтоож батлаад дагаж мөрдөхөд л болох санагдах юм. Нийтийн ашиг сонирхлыг илүүд бодож, аюулгүй орчинг бүрдүүлбэл хэн хаана ч морь уралдуулж болох тийм л стандарт дүрэм гаргаж ирээсэй хэмээн найдаж байна.
Эцэст нь хэлэхэд хүүхэд морь унуулахгүй гэдэг хүмүүст хандан Монгол морь 250-350кг жинтэй тиймээс л эртнээс хүүхдээ унуулсан, тэрнээс зүгээр л хэрцгий хандаагүй юм шүү. Харин Англи, Араб адуу шиг 450-650кг жинтэй байсан бол эртнээс л Монгол эрчүүд өөрсдөө унаж буй. . Дээр нь өөрсдийн хүүхдээ морь унуулдаггүй гэдэг нь маш бүдүүлэг ойлголт билээ. Чаддаг хүүхдээр л морь унуулж уралдуулах нь ойлгомжтой асуудал тэр чаддаг хүүхэд нь хаана байх уу гэхээр хөдөө л мал дээр байгаа малчдын хүүхдүүд, тэрнээс энд хүний хүүхдийг худалдан авч буй бурангуй үйлдэл байхгүй. Харин таны бодол л бурангуй байгаа нь шинж. 120,000 гаруй уяачид байдаг тэднээс 90-н хувьтай нь харин өөрсдийн хүүхдүүд, дүү нараараа унуулдаг гэвэл үнэнд ойрхон биз. Та хүүхэд хамгаалж байгаа бол юунаас хамгаалах гэж байгаагаа ойлгох хэрэгтэй морь, уяачдаас уу? Аюул осол эндэхээс үү? Та хүүхдийн эрх ашгийг бодож байгаа бол хүүхдээс өөрөөс нь? хүсэл сонирхолоос нь эхлэх хэрэгтэй. Тэгж харж, тэгж шаардаж сурвал сая таны санаа зовсон асуудал шийдэгдэх байх. Хэт нуршсан, залхаасан бол хүлцэл өчье.
Монгол наадам мөнх, Монгол төр мөнх оршиг