Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Ливэрпүүлийн цагаар Мягмар гарагийн үдээс хойш Садио Манэ, Улаануудын эгнээнд шилжсэнийг албан ёсоор зарлаж, тоглогч клуб хоёр хамтран ажиллах урт хугацааны гэрээнд гарын үсэг зурсан билээ. Сенегал довтлогч Мэлвүүдэд ирж гэрээнд гарын үсэг зуран, Юргэн Клоппын босгож буй улаан армийн нэгэн хэсэг болмогцоо Ливэрпүүлийн үндсэн сайтын сэтгүүлчдэд ярилцлага өгсөн байна. Тэрээр Ливэрпүүлтэй холбоотой дурсамжаасаа хуваалцаж, улаан хөгжөөн дэмжигчдийн өмнө тоглох түүний хувьд ямар утга учиртай болох талаар ярилцжээ.

Садио, Ливэрпүүлд тавтай морил, Ливэрпүүлийн тоглогч болсон сэтгэгдлээсээ хуваалцаач.
Өнөөдөр миний хувьд маш сайхан өдөр болж байна. Би Европын шилдэг клубуудын нэгэнтэй ийнхүү гэрээ үзэглэж байгаадаа маш их баяртай байна. Энэ бол маш олон цом хүртсэн, гайхалтай түүхтэй клуб. Би одоо багийнхантайгаа, багийн арын албаны ажилтнуудтай уулзаж, улирал эхлэхийг тэсэн ядан хүлээж байна.

Таны шилжилт хийсэн энэ цаг хугацаа хэр чухал вэ? Удахгүй улирлын өмнөх нөхөрсөг тоглолтууд эхэлнэ. Ийнхүү Ливэрпүүлтэй эрт нэгдэж байгаа нь таны  хувьд чухал уу?

Тийм ээ, Улирлын өмнөх нөхөрсөг тоглолтуудад оролцохгүйгээр шууд багийнхантайгаа нэгдэж, улирал эхлэх тийм ч амар биш. Би өнөөдөр гарын үсгээ зурж, шууд багтайгаа нэгдэж байгаа нь надад сайхан байна. Багийнхантайгаа хурдхан л ажиллаж эхэлмээр байна.
Саутхамптон Ливэрпүүлийн эсрэг 3-р сард тоглолт хийхэд Юргэн Клопп таныг маш ойроос ажигласан байх. Та тэр өдөр Ливэрпүүлийн хаалганд хоёр гоол оруулсан дурсамжаасаа хуваалцаач.
Бид Ливэрпүүлийг 3:2 –ийн харьцаатай хожиж, би 2 гоол оруулж чадсандаа маш их баяртай байсан. Гэхдээ энэ бүхэн ард үлдэж одоо би өөрийн шинэ баг, шинэ өрсөлдөөнийхөө талаар л бодож байна. Би ирэх улиралд бэлэн байх ёстой.
Тэр гоолууд, таны тоглолт, Юргэн Клопп таныг багтайгаа нэгтгэхэд нөлөөлсөн чухал хүчин зүйл болсон гэж бодож байна уу?
Би мэдэхгүй байна. Ливэрпүүл намайг сонирхож байгааг би сэдэж байсан ч надад өөр сонголтууд бас байсан. Гэхдээ би энэ бол миний хувьд тохирох, зөв сонголт, зөв дасгалжуулагч, мөн зөв цаг үе гэж бодсон учраас шийдвэрээ гаргасан. Ливэрпүүл Хөлбөмбөгийн Клубын нэг хэсэг болсондоо би маш их баяртай байна.
Та сая зөв клуб, зөв мэнэжэр гэж хэллээ. Юргэн Клопп та хоёрын дунд ямархуу яриа болсон бэ? Тэр танд юу гэж хэлэв?
Ливэрпүүлд ирэхэд тэр маш чухал нөлөө үзүүлсэн. Тэр надад ийм их итгэл хүлээлгэсэнд талархсанаа илэрхийлмээр байна. Би улам илүү шаргуу ажиллаж, өөртөө байгаа бүхнээ клубын төлөө зориулах болно.
Ливэрпүүлийн тоглогчийн хувиар тэр танаас юу хүлээж байгаа бол?
Тэр намайг Ливэрпүүлд ирж тоглоосой гэж хүсч байна гэж хэлсэн. Би бүр өөрөөсөө асууж ч амжилгүйгээр “тэгье ээ, би тогломоор байна” гээд хэлчихсэн байсан. Учир нь би Ливэрпүүлийг мэддэг. Ливэрпүүл бол миний хувьд зөв клуб, зөв мэнэжэр гэдэгт би итгэлтэй байсан.
Саутхамптонд та улирлын хамгийн олон гоолтой тоглогч болж, бүх тэмцээнд 15 гоол оруулсан байсан. Та энэ амжилтаа Ливэрпүүлд гаргаж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?
Тийм ээ, эргэлзээгүй. Би довтлогчийн байрлалд тоглодогтоо маш их баяртай байдаг. Зөвхөн би ч биш бүх довтлогчдын өмнөөс баяртай байдаг. Учир нь чи багийнхаа төлөө гоол оруулах нь маш их чухал. Одоо бол би шинэ багийнхантайгаа ажиллаж, хамтдаа клубын амжилтыг ахиулахын төлөө зүтгэхийг хүсч байна.
Гоол эсвэл гоолын дамжуулалт ... аль нь таны сэтгэлийг илүү хөдөлгөдөг вэ?
Минийхээр хамгийн чухал нь баг ялалт байгуулах.
Та өмнө нь Ливэрпүүлийг алдартай том клуб гэж хэлсэн. Харин түрүүн та бэлтгэлийн баазаар явж үзсэн. Та Прэмьер Лигийг бүр бага байхаасаа л их үздэг байсны хувьд Ливэрпүүлийн талаар хэр их мэдлэгтэй вэ?
Ливэрпүүл клуб бол дэлхийд дээгүүрт орох том клубуудын нэг. Би бага байхдаа Миланы эсрэг Ливэрпүүлийн 2005 оны финалыг үзэж байсан. Энэ маш гайхалтай тоглолт байсан бөгөөд Ливэрпүүлийн өмнөөс би маш их баяртай байлаа. Энэ клуб Жэррард, Каррагэр болон бусад олон гайхалтай домог болсон тоглогчидтой. Ливэрпүүлийн нэг хэсэг болсон нь миний мөрөөдөл биелж байгаа хэрэг учраас би маш их баяртай байна.
Сенегалд хөлбөмбөгч болох мөрөөдөлтэй өссөн хүү  одоо Ливэрпүүлд ирээд байгаа нь танд ямар санагдаж байна?
Тийм ээ, миний мөрөөдөл байсан. Би том клубын төлөө тоглох мөрөөдөлтэй байсан ч өнөөдөр би Ливэрпүүлд байна. Харин одоо би шаргуу ажиллаж, клубынхээ төлөө бүхнээ дайчлахыг хүсч байна.
Таны карьерт нэг маш чухал хэт-трик байдаг. (2015 оны 5-р сар. Астон Виллагийн эсрэг) Та тэр өдрийг өөрийнхөө амьдралын хамгийн сайхан өдөр гэж хэлсэн байсан. Өнөөдрийг тэр өдөртэй харьцуулбал?
Тэр бол миний амьдралын хамгийн сайхан өдөр. Ялангуяа тэр тоглолтонд баг маань ялалт байгуулах нь хамгийн чухал байсан бөгөөд, довтлогчийн хувьд гоол оруулж чадсан нь миний хувьд мөн маш чухал зүйл байсан учраас би аз жаргалтай байсан. Гэвч өнөөдөр миний хувьд хамгийн сайхан өдөр болж байна.
Сүүлийн хэдэн жил Саутхамптоноос Ливэрпүүлийг чиглэсэн жим гарсан. Та энэ богино хугацаанд Саутхамптоноос Ливэрпүүлд ирж буй 5 дахь тоглогч. Натаниэл Клайныг та сайн мэднэ. Та өмнө нь түүнтэй энэхүү шилжилтийнхээ талаар ярилцав уу?
Үгүй, ярилцаж амжаагүй. Би түүнийг сайн мэднэ. Тэр сайн, гайхалтай залуу. Би түүнтэй Ливэрпүүлд хамт тоглох болсондоо маш их баяртай байгаа. Бид хамтдаа, бусад багийнхантайгаа ирэх улиралд амжилттай байна гэж найдаж байна. Гэвч би Саутхамптон Хөлбөмбөгийн клубтээ, тэнд байгаа бүх гайхалтай хүмүүст, ялангуяа хөгжөөн дэмжигчдэд нь талархлаа илэрхийлмээр байна. Би өнөөдөр энд ирсэн нь Саутхамптонтой л холбоотой. Би тэнд маш их зүйл сурч, сайхан хүмүүстэй ажиллаж байсан. Харин өнөөдөр би Ливэрпүүлтэй хамт цааш явах болсондоо маш их баяртай байна.
Ирэх улиралд Анфилд стадион шинэ төрхтэй үүд хаалгаа нээх болно. Анфилдын шинэ Мэйн Станд ашиглалтанд орно. Мөн Анфилдын уур амьсгал үнэхээр гайхалтай байдаг. Ирэх улирлын талаар юу бодож байна?
Тиймээ Анфилдын гайхалтай хөгжөөн дэмжигчдийн өмнө тоглох болсондоо би их баяртай байгаа. Клубээрээ хамт гайхалтай улирлыг үдэх байх гэж найдаж байна.
Эцэст нь Ливэрпүүлийн фэнүүдэд хандаж үг хэлээч. Та тэдэнд юу амлаж чадах вэ? Ливэрпүүлийн тоглогчийн хувьд таны зорилт юу вэ?
Хөгжөөн дэмжигчиддээ хандаж хэлэх ганц зүйл маань “итгэлтэй байгаарай” Ирэх улирал онцгой байна байх. Бид багаараа гайхалтай улирал өнгөрүүлнэ гэж бодож байна. Мөн би Старриж, Коутиньо, Лаллана, Милнэр нарын агуу тоглогчидтой хамтарч тоглох болсондоо маш их баяртай байна. 

Орчуулж, нийтэлсэн: Нисдэг Чэстмир

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх