Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

 

Хэрвээ Чэмбэрлэйн 2018 оны Киевийн финалд тоглосон бол гэсэн нууцхан бодол одоог хүртэл сэтгэлийн мухарт хадаатай явдаг юм.

Тэр үед Чамбо гарааны тоглогч, багт гүйцэтгэх нөлөө нь айхтар болчихсон байсан үе лд. Даанч Аваргуудын лигийн хагас шигшээ тоглолт түүний Анфилд дахь замналыг тэр чигт нь өөрчилчихсөн юм. Роматай хийсэн тоглолтын эхэн хэсэгт Чамбо маань зүүн жигүүрт гүйж явсан Коларовыг таклдах үедээ өвдөгний загалмай хэлбэртэй шөрмөсөө (чагтан холбоос ч гэж ярьдаг, ACL-ийн гэмтэл) таслаж, хөлбөмбөгчдийн хувьд хамгийн хүнд байж болохуцй гэмтлийг авсан.

ACL-ээ тасласан тамирчин буцаад яг тэр түвшиндээ очиж тоглох маш хэцүү гэж ярьдаг. Яг хуучин түвшиндээ очсон тоглогч хэр олон байдгийг мэдэхгүй юм. Роналдо Интерт байхдаа энэ гэмтлийг авсан, гэхдээ 2002 онд галзуурч Дэлхийн аваргад түрүүлсэн ч тэр дахиж хуучин шигээ тэсрэхээ байчихсан гэж ярьдаг. Ван Дайк яг адилхан гэмтсэн, гэхдээ 2018/19 оны улирлын Ван Дайк шиг байж чадахгүй л байна. Гэхдээ хаа очиж Ван Дайкын хувьд ийм аймаар гэмтлээс эргэж ирээд, хамгийн амжилттай тоглосон гэх ангилалд нь орох байх.  

 

Чамбогийн Ливэрпүүл дэх замналыг гэмтлийн өмнө ба дараах л гэж ангилж болно.

Тэр аймшигтай гэмтлийг авах хүртлээ Чамбо ямар гайхалтай тоглож байсныг манайхан санах гээд хичээгээрэй. Окс үнэхээр галзуу байсан. Ялангуяа Коутиньо яваад л шууд гарааны тоглогч болж хувиран, Ман ситиг лигт 4:3-аар хождог тоглолтод чангахан мэдэгдэл хийж, тоглолтын эхний гоолыг хусчихаж билээ.

Арсэналд байхдаа голдуу вингер хийдэг байсан бол Клопп түүнийг төвийн хагас хамгаалагч, #8 болгож өөрчилсөн юм. Яг л Жиниг өөрчилдөг шиг... Гоё ч болж байсан даа.   2018 оны 4 сарын 4.... Аваргуудын лигтэй үдэш, тэр дундаа хасагдах шатны Анфилдын уур амьсгал ямар байдаг билээ. Копууд ийм өдрийг 2009 онд Реал Мадридыг 4:0-дснээс хойш хүлээсэн юм. Ливэрпүүлийн талбайд Манчестер Сити... Копуудын нүргээн Анфилдыг бүрхэж, Аваргуудын лигийн сүлд дуулал ч үл сонсогдоно.

 

Пэп Гуардилоагийн машин шиг ажилладаг багийг буулган авъя гэвэл чамаас нэмэлт эрч хүч, хүчин чармайлтыг л шаардана. Мэдээж зохион байгуулалт, оновчтой тактик, өндөр түвшний сахилга бат хэрэг бололгүй л яахав. Ливэрпүүл ч энэ тоглолтод дээд зэргээр бэлдэж гарч ирснийг санадаг, Анфилд тэдэнд 90 минутын тамыг бэлэглэнэ гэдгийг ч Клопп мэдэж байсан биз. Харин тэднийг улам асаах ганц л момент хэрэгтэй. Яг л тэр мөчийг Чамбо минь бэлэглэсэн юм.

Милнэрийн тасласан бөмбөг түүн дээр ирэхэд мань эр бодох ч зүйлгүй зүгээр л цөм цохьчихсон. Их бууны сум шиг хурдалсан тэр цохилтын эсрэг Эдэрсон юу ч хийж чадаагүй. Тэр эрчээрээ Ливэрпүүл тэднийг машиндаад дуусгаж билээ. Коп эндийн өмнө гоолын баяраа тэмдэглэж буй тэр агшин хойтон жилийнх нь Аваргуудын лигийн промог чимсэн, Ливэрпүүл ч тэр улиралд нь 6 дахь дэлдэн чихтээ өргөсөн дөө 

 

Олимпиакосын эсрэг Жэррардын зоодог, Буффоны хаалганд хийсэн Луис Гарсиагийн volley, Тиаго Португийн хаалганд оруулдаг уран зураг шиг гоолуудтай ижил түвшинд яригдах тэр гоолоор нь бид Чамбогоо үргэлж дурсан явах байх.

Хүнд гэмтлээ эдгээж, дахин талбайд гарах үед нь Ливэрпүүл хэдийнэ Аваргуудын лигт түрүүлчихсэн, Английн Премьер лигийн түрүүг авахаар дайрч байлаа. Тэр улиралд Чамбо муугүй л тоглосон.

Мэдээж өмнөх үетэй яаж харьцуулах билээ...   2019/20 оны улиралд тэр лигт 4 гоол оруулсан байдаг, бас Аваргуудын лигт Генкийн хаалганд билүү, хөлийн гадар хэсгээр ганган зоосон доо.

 

Хэрвээ Алекс Окслэйд-Чэмбэрлэйн аймшигтай гэмтээгүй бол түүний замнал хэрхэн өрнөх байсныг хэн ч хэлж мэдэхгүй. Би бол алах байсан байх л гэж боддог. Гайхалтай зүтгэлтэй, ур чадввартай, гоолдох мэдрэмжтэй, айхтар тэсэрдэг, ганган амьтан байсан юм шүү дээ.  

Өөрөө хэлсэн байсан, гайхалтай бүрэлдэхүүний нэг хэсэг байж бүхий л тэмцээнд түрүүлсэн замналдаа сэтгэл хангалуун байгаа гэсэн бөгөөд Ливэрпүүлийн фэнүүдийн дэмжлэгийг урьд өмнө нь мэдэрч байгаагүй, хойшид ч мэдрэх эсэх нь эргэлзээтэй хэмээжээ. Тэр үнэхээр фэнүүдийн хайрыг татаж чадсан тоглогч байсан даа.. Ливэрпүүлийн төлөө хийсэн бүхэнд чинь баярлалаа.. Анфилд үргэлж л халуун дотноор угтан авах нь гарцаагүй ээ, Чамбо минь..... ❤️    

 

Нийтэлсэн: Бадруул

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх